Гэнэтийн гэмээр байдлаар хуучны хүүхэлдэйн кино нэгийг үзэв өнөөдөр. Балар эртний судар ухсан түүхч аятай баясав.
Кино урлаг дотроо анимация буюу "хүүхэлдэйн кино" харьцангуй жирийн болоод ойлгоход хялбар - өргөн сэтгэхүйтэй хийгддэг юм шиг. "Ёжик в тумане" (1975) бол урлагийн хувьд союзмультфильм студи-н оршин тогтнохдоо гаргасан бүтээлүүдийн шилдэг нь гэлцдэг. Хэргийн гол нь энэ авсаархан 10 минутын montage дотор аль ч насны хүнтэй энгийн хэлбэрээр ямарваа нэгэн төвшинд ойлголцож чадсанаар анимацийн хүчийг бүрэн ашигласан гэх үү дээ...
Нэмж сонирхуулахад тухайн үедээ союзмультфильм-н бусад проектууд дээр 10-с доошгүй хүн ажилладаг байсан байхад "ёжик в тумане"-н уран бүтээлчид гурвуулхнаа байж. Мэдээж хуваарийн дагуу хугацаа дуусахад хүн хүчний дутмагаас үйдээд анимацийн 1/5-с цааш хийгдэж амжаагүй байж. Ингээд продюссер Норштейн улсын ажил цалгардуулсан хэрэгтнээр коммунист зөвлөлийн хуралд "авч хэлэлцэгдэх" болсон байна.
"Зараа"-г цагт нь гаргаагүй продюссер донгодуулах явцдаа байтал хоёр туслахын сүүхэйтэй нэг нь хурлын өрөөний ар талыг хариуцсан гар дээр ганц шил юм барьж ороод бүгдийг зохицуулсан гэдэг. Халаалт авсан киномеханикч уриалагханаар "зараа"-тай трейлерийг дэлгэцнээ зурсхийлгэж комиссар-уудын сэтгэлийг гижигдсэн юм байх. Юм үзэж нүд тайлаагүй үзэл сурталтнууд ч трейлер гэдгийг анх удаа харав, бишрэв. Эцсийн үр дүнд асуудал 180 градус эргэж "зараа"-ны продюссерт нэмэлт хүч хуваарилсан болж.
Нэг сонгодог бүтээл хог дээр гарах шахан байж олны өмнө биеэ ингэж олсон гэдэг. Үнэн гэхэд хатуудахаар, худал гэхэд тоглоомтой нэг ийм түүх байна.
22 November 2006
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment